1.1 Домэйн нэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр болон олон улсад интернэт сүлжээний цахим орчинд ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers)-ын онцгой итгэмжит гэрээний дагуу болон олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт журмын дагуу .MN домэйн нэрийн албан ёсны бүртгэгч Датаком ХХК болон Датаком ХХК-тай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан Итгэмжит борлуулагч нар, эдгээр Итгэмжит борлуулагч нарын албан ёсны цахим бүртгэлийн үйлчилгээний вэб цахим хуудсаар дамжуулан бүртгэнэ.
1.2 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдолтой үйлдлүүд нь олон улсын ICANN-ны гаргасан заавар журам болон Монгол улсын Засгийн газрын харьяа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос батласан Домэйн нэр бүртгэлийн журамд тодорхойлогдсон зохицуулалтын дагуу, мөн Mонгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэнэ.
1.3 Домэйн нэрийн бүртгэл үйлчилгээ нь нийтэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр адил тэгш эрхтэйгээр, “түрүүлж бүртгүүлсэн нь, эхэлж эзэмших” зарчмаар явагдана. Домэйн нэрийг Бүртгүүлэгчийн хүсэлтээр онлайнаар болон аль нэг албан ёсны эрх бүхий Бүртгэгч, Итгэмжит борлуулагч нарт хандан бүртгүүлж болно. Цаашид энэ журамд хамтад нь Бүртгэгч гэнэ.
1.4 Бүртгүүлэгч нь домэйн нэр эзэмшигчийн бүртгэлийн овог нэр, хаяг байршил, холбоо барих утас, и-мэйл хаяг зэрэг мэдээллийг нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS мэдээллийн санд байршуулахыг зөвшөөрнө.
1.5 MN домэйн нэр нь .МОН -кирил домэйн нэртэй холбогдолгүй бөгөөд эдгээр нь тус тусдаа бие даасан үйлчилгээ болно. МОН домэйн нэрийн бүртгэлийг нэмэлт журмаар зохицуулна.
ХОЁР. MN ДОМЭЙН НЭР СОНГОХ
2.1 MN домэйн нэр бүртгүүлэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж бүртгүүлсэн нь эзэмших зарчмаар явагдана.
2.2 Бүртгүүлэгч нь домэйн нэрээ нэгэнт бүртгүүлсэн бол тухайн домэйн нэрийн тэмдэгтийг өөрчлөх, засах боломжгүй.
2.3 Домэйн нэр нь аливаа бусад тусгай тэмдэгт ороогүй, хоосон зай (пробель)-гүй, зураас (-)-р эхлээгүй мөн төгсөөгүй 3 буюу түүнээс дээш 63 хүртэлх тэмдэгтээс бүрдсэн байна.
2.4 Бүртгүүлэгч нь бүртгэлийн системээр дамжуулан нэгээс дээш хэдэн ч домэйн нэр бүртгүүлэх мөн эзэмших эрхтэй байна.
2.5 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэрийг хуулбарлах, ашиглах болон хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах зорилгоор, эсхүл бусдын эрх ашгийг хохироох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, хууль, эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдахгүй, хууль журам зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө.
2.6 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэр болон хуулиар хориглосон аливаа нэг үйл ажиллагаа явуулах зорилгоор эсхүл бусдын эрх ашиг хохирох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, эрх зүйн хэм хэмжээг чандлан дагаж, хувь хүний ёс зүйг эрхэмлэж ажиллахаа энэхүү бүртгэл үйлчилгээний журам, гэрээгээр баталгаажуулна. Хэрвээ дээрх заалтыг зөрчиж аливаа иргэн, хуулийн этгээдийн нэр хүндэд санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас хохирол учруулбал түүнтэй холбогдон үүсэх хариуцлагыг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж журмын дагуу бүртгүүлэгч бүрэн хариуцна.
2.7 Бүртгүүлэгчийн домэйн нэр эзэмших бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулна. Иймд хувь хүний нэр дээр бүртгүүлэх эсхүл хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн мэдээллээр дамжуулан бүртгүүлэх аль нь болохыг урьдчилан сонгосон байна. Бүртгүүлэгчийн өгсөн мэдээллийн дагуу бүртгэл үүсгэгдсэн тохиолдолд шинээр засварлах, өөрчлөх нь домэйн нэрээ бусдад шилжүүлэх (энэ журмын 4-р зүйл) заалтын дагуу төлбөртэй хийгдэнэ.
2.8 Домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааг дараах салбарын чиглэлээр ангилж бүртгэнэ.
2.8.1 цахим худалдаа;
2.8.2 цахим үйлчилгээ;
2.8.2 цахим үйлчилгээ;
2.8.3 цахим тоглоом;
2.8.4 санхүүгийн үйлчилгээ;
2.8.5 мэдээ мэдээлэл;
2.8.6 танин мэдэхүй;
2.8.7 мультимедиа;
2.8.8 төрийн байгууллага;
2.8.9 төрийн бус байгууллага;
2.8.10 олон улсын байгууллага;
2.8.11 хувийн байгууллага;
2.8.12 мэргэжлийн холбоо;
2.8.13 бусад.
ГУРАВ. ДОМЭЙН НЭРИЙН ХУГАЦАА ДУУСАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУНГАХ
3.1 Домэйн нэр эзэмшигч гэдэг нь сонгосон домэйн нэр нь бүртгэлийн системд өөр этгээд бүртгүүлээгүй, давхцаагүй, бусдаас түрүүлж бүртгүүлж, сонгосон жилээр төлбөрөө бүрэн төлж бүртгэлээ баталгаажуулсан Монгол улсын иргэн (+18 -с дээш насанд хүрсэн), Монгол улсад бүртгэлтэй иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлбөр төлсөн хугацаандаа эзэмшиж буй домэйн нэрээ удирдах, захиран зарцуулах эрх үүссэнийг “домэйн нэр эзэмшигч” гэнэ.
3.2 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Хамгийн багадаа 1 жил байна.
3.2 Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс эзэмшигчийн бүртгүүлсэн имэйл хаяг руу үйлчилгээ дуусах гэж байгаа тухай сануулга захиа 4-5 удаа автоматаар илгээгдэнэ. Бүртгүүлэгч нь энэ мэдээллийн дагуу домэйн нэрээ үргэлжлүүлэн ашиглах бол хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгаж, үйлчилгээний төлбөрөө урьдчилан төлөх шаардлагатай.
3.3 Домэйн нэрийн хугацаа дууссаны дараа домэйн нэр болон түүнтэй холбоотой бусад үйлчилгээнүүд ажиллахгүй болно. Энэ тохиолдолд домэйн нэр нь сэргээгдэх боломжтойгоор 35 хоног хүлээгдэнэ. Энэ хугацаанд бүртгүүлэгч домэйн нэрийн төлбөрөө төлснөөр тухайн домэйн нэр сэргээгдэх боломжтой болно. Үүнээс хойш хугацаанд тус домэйн нэр нь устгалын ангилалд шилжих ба энэ хугацаанд домэйн нэрээ сэргээх бол домэйн нэрийн жилийн төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр нэмж төлнө. Сэргээгдэх хугацаа нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоног байна. Эдгээр хугацаа өнгөрсний дараа домэйн нэрийг сэргээх боломжгүй болж, хэсэг хугацааны дараа нийтэд нээлттэйгээр бүртгүүлэн авах боломжтой болно.
3.4 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлбөрөө бүрэн төлж үйлчилгээгээ сунгаагүй тохиолдолд уг домэйн нэрийг эзэмших эрх болон хэрэглэгчийн гэрээ автоматаар цуцлагдаж, өөр бусад Бүртгүүлэгч бүртгүүлж, эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.5 Бүртгүүлэгчийн тухайн домэйн нэрийг эзэмших эрхийн хугацаа нь уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний төлбөрийн хүчинтэй хугацаагаар хязгаарлагдана. Үйлчилгээний сунгалтын төлбөр төлөгдсөнөөр тухайн домэйн нэр эзэмших эрх нь төлбөрийн сонгосон хугацаагаар сунгагдсанд тооцно.
3.6 ББүртгүүлэгч нь өөрийн бүртгэлтэй домэйн нэрийн үйлчилгээний сунгалтын төлбөрөө төлөөгүй, заасан хугацаанаас хоцорч төлсөн, төлбөрөө төлсөн ч төлбөрийн баримт дээрээ өөрийн домэйн нэр, утсаа бичээгүй, гүйлгээний утга тодорхойгүй банкны төлбөрийн гүйлгээний баримт ирүүлсэн зэргээс үүдэн домэйн нэрийн эзэмших эрх цуцлагдах, үйлчилгээ хаагдах, мөн өөр бүртгүүлэгчид уг домэйн нэрийн эзэмших эрх нь шилжсэн зэрэг шалтгаанаар уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан имэйл хайрцаг дахь хувийн мэдээллүүд устгагдсан, уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан вэб цахим хуудасны мэдээллүүд нь сэргээгдэхээргүй устгагдсан болон уг домэйн нэртэй холбоотой цахим мэдээлэл, дата, контентын алдагдалд Бүртгэгч аливаа хэлбэрээр хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
3.7 Бүртгүүлэгч нь өөрийн эзэмшиж буй домэйн нэр дээр ашиглаж буй систем, программ хангамжийн аюулгүй ажиллагаа, гуравдагч этгээдээр дамжуулан ашиглаж байгаа программ хангамжийн нууцлал, хамгаалалт, нууц үгийн мэдээллийн алдагдал, санхүүгийн луйвар, харилцагч этгээдийнхээ и-мэйл хаягийн үнэн зөвийг баталгаажуулаагүйгээс санхүүгийн алдагдал хүлээх, интернэт орчинд тархсан программ хангамжийн дутагдал, вирус, цахим халдлага, харилцагчийнхаа худал мэдээлэл зэргээс үүдэн бүртгүүлэгчид учирсан аливаа санхүүгийн эрсдэлд домэйн нэрийн Бүртгэгч хариуцлага хүлээхгүй болно.
3.8 Бүртгүүлэгч нь бүртгэлийн мэдээллээ Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулаагүй, дутуу, буруу ташаа мэдээллэснээс Улсын бүртгэлийн системийн бүртгэлтэй таарахгүй байх, өөр хүний нэр дээр худал мэдээлэл бүртгүүлсэн зэрэг нь илэрсэн тохиолдолд бүртгэлийг түдгэлзүүлж улмаар домэйн нэрийг түгжих бөгөөд бүртгүүлэгч үнэн зөв мэдээллээ оруулж баталгаажуулах хүртэл идэвхгүй болгон, цаашлаад бүртгэлтэй домэйн нэрийг хааж болохыг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд Бүртгүүлэгчид учирч болох санхүүгийн бодит, бодит бус аливаа эрсдэл, хохиролд Бүртгэгч ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй болохыг хүлээн зөвшөөрнө.
ДӨРӨВ. ДОМЭЙН НЭР ШИЛЖҮҮЛЭХ
4.1 Бүртгүүлэгч домэйн нэрийг шинээр бүртгүүлсэн болон бусдаас шилжүүлэн авснаас хойш 60 хоногийн дараагаас өөр хүнд болон өөр Бүртгэгчид шилжүүлж болох бөгөөд энэ шилжүүлэхтэй холбоотой нэг удаагийн 55’000 төгрөгийн (НӨАТ орсон үнэ) үйлчилгээний хураамжийг төлсөн байна.
4.2 Бүртгүүлэгч домэйн нэр шилжүүлэх хүсэлтээ Бүртгэгчид и-мэйлээр ирүүлэх ба Бүртгэгч домэйн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ.
4.3 Домэйн нэрийг шилжүүлэхдээ бүртгүүлэгч болон домэйн нэр хүлээн авч буй хэрэглэгч хамтдаа бүртгэгчийн төвд өөрийн биеэр ирж Улсын бүртгэлийн цахим системд хурууны хээ болон иргэний үнэмлэхээ ашиглан (хувь хүн бол хурууны хээ болон иргэний үнэмлэхийн мэдээлээр дамжуулан, хуулийн этгээд бол ерөнхий захирал эсвэл орлогч захирал өөрийн биеэр хүлээн авч буй хэрэглэгчтэй хамт) бүртгэл мэдээллээ баталгаажуулан эзэмшигчийн мэдээллийг шинэчилнэ. Төлбөрөө төлж, мэдээллээ баталгаажуулж шинэчилсэн өдрөөс эхлэн домэйн нэрийг шилжсэнд тооцно.
4.4 Домэйн нэрээ бусдад шилжүүлж байгаа хэрэглэгчийн мэдээлэл үнэн зөвийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан шалгах бөгөөд хэрэв мэдээлэл бодит бус, зөрүүтэй байгаа нөхцөлд домэйн нэр бусдад шилжихгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
4.5 Бүртгэгч байгууллагуудын хооронд домэйн нэр шилжихэд Итгэмжит борлуулагчийн гэрээний заалтын дагуу хэрэгжүүлнэ. Итгэмжит борлуулагч хооронд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр домэйн нэр шилжүүлэхийг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд Итгэмжит борлуулагчийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
ТАВ. ДОМЭЙН НЭРИЙН ТӨЛБӨР, ТООЦОО
5.1 Бүртгүүлэгч нь тухайн домэйн нэрийн үйлчилгээ үзүүлж буй Бүртгэгчид үйлчилгээний төлбөрөө төлнө.
5.2 Домэйн нэрийн төлбөрийг төлж, нэгэнт идэвхжүүлсэн бол үйлчилгээг буцааж болохгүй бөгөөд төлбөр буцааж олгогдохгүй.
5.3 Домэйн нэрийг Итгэмжит борлуулагчаар дамжуулан авсан тохиолдолд үнэ өөр байж болох ч Бүртгэгчийн үйлчилгээ адил байна.
5.4 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцно. Домэйн нэрийн үйлчилгээний жилийн төлбөрийн хэмжээг Датаком ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлана.
5.5 Домэйн нэр устсан бол түүнийг дахин сэргээж, цаашид үйлчилгээний хугацааг үргэлжлүүлэн сунгах тохиолдолд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр 100 тооцох нэгжийг төгрөгөөр тооцож төлнө.
ЗУРГАА. ДОМЭЙН НЭР БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
6.1 Бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлсэн хаягаар нь бүртгэнэ. Бүртгүүлэгч нь домэйн нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлэхдээ онлайнаар эсхүл өөрийн биеэр ирж доорх мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
6.1.1 Овог, нэр;
6.1.2 Төрсөн он сар өдөр (нийтэд харагдахгүй);
6.1.3 Регистрийн дугаар (нийтэд харагдахгүй);
6.1.4 Оршин суугаа хаяг:
6.1.5 Шуудангийн хаяг;
6.1.6 Телефон утас, факсын дугаар;
6.1.7 И-мэйл хаяг
6.1.8 Бүртгүүлэгч хэрэв бусдыг төлөөлж байгаа тохиолдолд хувь хүн эсхүл хуулийн этгээдийн аль нь болохыг заавал мэдэгдэх үүрэгтэй.
6.1.9 Бүртгүүлэгчийн албан ёсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ёстой)
6.2 Байгууллагын хэрэглэгч нь домэйн нэрийн үйлчилгээний гэрээг байгуулахдаа бүртгэгчид дараах мэдээллийг бүрдүүлж өгнө:
6.2.1 Байгууллагын нэр
6.2.2 Захирлын овог, нэр
6.2.3 Байгууллагын албан ёсны хаяг, байршил
6.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар
6.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
6.2.6 Утас, факсын дугаар
6.2.7 И-мэйл хаяг
6.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар
ДОЛОО. ДОМЭЙН БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦУЦЛАХ
7.1 Бүртгүүлэгч нь бүртгэлийн үйлчилгээний явцад энэ журмын 5 дугаар зүйлд заасан мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд Бүртгэгчийн цахим хуудсаар дамжуулан үйлчилгээгээ удридахдаа заавал шинэчлэх засаж оруулах үүрэгтэй.
7.2 Бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсхүл зөрүүтэй алдаатай, дутуу тохиолдолд Бүртгэгч нь Бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг түдгэлзүүлэх, дангаар цуцлах бүрэн эрхтэй ба бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
7.3 Бүртгүүлэгчийн эзэмшдэг домэйн нэр нь өөр нэг гуравдагч этгээдийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний нэр шошго, барааны тэмдгийн гэрчилгээ, оюуны өмчийн патентын нэрийг адил төстэй байдлаар даган дуурайх, санаатай болон санамсаргүйгээр төөрөгдүүлэх замаар бусдын эрх ашгийг хохироосон нь хожим илэрч тогтоогдсон бол Бүртгэгч нь хууль шүүхийн эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийг үндэслэн уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээг нэн даруй зогсоож, эзэмшлийг цуцлахаас гадна шинээр бүртгэх болон сунгалт хийхээс татгалзана.
7.4 Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсвэл дангаар шууд цуцлах бүрэн эрхтэй:
7.4.1. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь Шүүх эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол;
7.4.2. Зайлшгүй шаардлагатай эзэмшигчийн үнэн зөв мэдээллийг өгөхдөө хэрэглэгч дутуу буюу бүрэн бус, худал мэдээллээр хангасан бол;
7.4.3. Төлбөр тооцооны асуудалтай бол;
7.4.4 Домэйн нэрийн эзэмшигчийн талаар маргаан үүссэн тохиолдолд;
7.4.5. Шүүхийн хүчин төгөлдөр актын (шийдвэрийн) дагуу;
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны домэйн нэр ашиглах журмын дагуу маргаан үүссэн тохиолдолд, мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахим сайтын контентын зөрчилтэй холбоотой маргаан, гомдолын дагуу шалгалт хийгдэж байгаа үед домэйн нэр эзэмшигчийн хаяг утас, бүртгэлийн мэдээлэл нь буруу, дутуу, хуурамч мэдээллээр хангагдсан талаарх ХХЗХ-ны Зохицуулалтын албаны даргын албан бичгийг үндэслэж түдгэлзүүлэх эсхүл цуцлах эрхтэй.
Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх, мөн сонгуулийн үеэр цахим орчинд тавих хяналтыг сайжруулах талаар хийх ажлын хүрээнд, Бүртгүүлэгч нь домэйн нэрээ ашиглахдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь баримтаар нотлогдсон тухай улсын байцаагчийн дүгнэлт, ХХЗХ-ны Зохицуулалтын албаны даргын албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авсан тухай харъяа дүүргийн цагдаагийн газрын даргын албан тоот зэргийг шууд үндэслэж тухайн домэйн нэр дээрх цахим сайт, вэб хуудас руу хандах хандалтыг зөрчлөө арилгах хүртэл нь түр хязгаарлах, домэйн нэрийн DNS бичлэгт хязгаарлалт хийх бүрэн эрхтэй.
Дээрх 7.4.1 - 7.4.7 дахь заалтын хүрээнд домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний хязгаарлалтаас үүдэн гарч болох санхүүгийн болон санхүүгийн бус аливаа эрсдлийг Бүртгэгч хариуцахгүй бөгөөд энэ төрлийн маргаанд Бүртгэгч оролцохгүй, зөвхөн мэдээллээр хангаж, ХХЗХ-ноос өгөгдсөн чиглэлийг хангаж ажиллах болно. Үүнтэй холбоотой гомдол маргааныг ХХЗХ-ны Бодлого Зохицуулалтын албанд хандан шийдвэрлүүлж болно.
НАЙМ. ГЭРЭЭ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
8.1 Бүртгэгч нь .MN домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн гэрээ, журам нь бүртгэгч байгууллагын албан ёсны вэб сайтад тавигдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Журамд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар тухай бүр Бүртгүүлэгчид и-мэйлээр мэдэгдэнэ.
8.2 Хэрэв бүртгүүлэгч Датакомын гэрээ, журмуудын өөрчлөлтийн талаар хариуг бичгээр мэдэгдээгүй бол гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
ЕС. ДОМЭЙН НЭРИЙН ТАЛААР МАРГААН
9.1 Домэйн нэрийг эзэмших эрхийн маргаантай холбоотой асуудлаар талууд Монгол улсын холбогдох хууль журмын дагуу өмчийн маргаан шийдэх журмаар, харьяа дүүргийн шүүх эрх бүхий байгууллагад нотлох баримт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. Домэйн нэр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгч Бүртгэгч нь энэ төрлийн маргаанд оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй.
9.2 Домэйн нэрийн эзэмшигчийн эрхийн талаар гарсан аливаа маргаанд Бүртгэгчийн талаас WHOIS эзэмшигчийн мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээллээр хангахаас өөр үүргийг хүлээхгүй.
9.3 Домэйн нэр бүртгүүлэгч нь домэйн нэрийг зохих журмын дагуу ашиглаагүй мөн буруугаар болон таны эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзвэл энэ талаар тухайн хэрэглэгчид шууд хандаж болно.
9.4 Маргалдагч талууд Монгол улсын шүүхийн шийдвэр гаргах шатны эрх бүхий байгууллагаар маргаанаа хянан хэлэлцүүлж, шүүхийн эцсийн шатнаас гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд тухайн домэйн нэрийн эзэмшлийг шүүхийн шийдвэрт дурдсан этгээдэд шилжүүлнэ.
9.5 Домэйн нэрийн маргааныг шийдвэрлэхэд гол баримтлал, аргачлал нь тухайн домэйн нэрийг одоогийн албан ёсны эзэмшигч болон маргалдагч талуудын хоорондын дараах ерөнхий үндэслэлийг харгалзан үзнэ:
1. Домэйн нэр эзэмших эрхийн маргаан нь тухайн домэйн нэр дээрх вэб, и-мэйл болон бусад хэлбэрийн контент агуулгатай огт холбоогүй тусдаа маргаан юм. Тодруулбал: тухайн домэйн нэр нь уг домэйн нэр дээр хэвлэгдсэн цахим нийтлэл, дуу, дүрс, имэйл, текстэн мэдээлэл доторх мэдээлэл, агуулгатай огт холбоогүй бөгөөд зөвхөн домэйн нэр, түүнийг бүрдүүлсэн англи цагаан толгойн үсэг болон 0-9 тоон нийлэмжээр бүрдсэн энэхүү “домэйн нэр” нь өөрөө ижил төстэй утга агуулгаараа бусдын эрх ашиг хөндсөн эсэх, уг домэйн нэр нь оюуны өмчөөр баталгаажсан бусдын нэрийг ашигласан эсэх, хуулиар хориглосон аливаа үйл ажиллагааг энэ домэйн нэр дээр явуулсан эсэх нь гол харгалзан үзэх үндэслэл болно.
2. Домэйн нэр эзэмшигч нь маргалдагч талтай садан төрлийн холбоотой, бизнесийн хамтрагчид, тухайн байгууллагад ажиллаж байгаад ажлаас гарсан, гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэлээр домэйн нэрийн бүртгэлээ шинэчлээгүй, шилжүүлээгүй эсхүл бусдыг хууран мэхлэх зорилгоор домэйн нэрийг ашиглаж байгаа үндэслэлээ гаргаж нотлох шаардлагатай.
3. Тухайн домэйн нэр дээр холбогдсон вэб доторх мэдээ мэдээлэл, зураг, дуу, дүрс, агуулгатай холбоотой маргаан гарсан тохиолдолд уг домэйн нэрийг хаах, бүртгэлийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг зөвхөн ХХЗХ-ны шийдвэрийг үндэслэж гаргана. Бусад тохиолдолд Бүртгэгч ийм төрлийн маргаан нь домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаан биш гэж үзэж зөвхөн тухайн цахим сайтын эзэн холбогдогчийн бүртгүүлсэн хаяг, мэдээллээр хангаж ажиллана. Тодруулбал цахим вэбийн агуулга, мэдээнд бусдын нэр төрд халдах, гүтгэлгийн шинжтэй мэдээ материал нийтлэгдсэн гэж үзсэн этгээд маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий этгээд үүнийг домэйн нэрийн маргаан гэж тооцохгүй, харин уг домэйн нэр эзэмшигч эсхүл тухайн цахим вэб сайтыг хариуцагч этгээдэд хандаж шийдвэрээ гаргаж ажиллана.